2024-05-21

Жилд нэг сая малын арьс шир боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд жилд нэг сая малын арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг байгуулж, нээлтээ хийлээ. “Ноос ирээдүй” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбараас дэргэдээ “Арьс ирээдүй” ХХК-ийг байгуулж, Монголын арьс, шир үйлдвэрлэлийн холбоо болон орон нутгийн дэмжлэгийг авснаар эхний ээлжинд 2.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийн Арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулж байна. 

Малын гаралтай түүхий эдийг боловсруулахад цэвэрлэх байгууламж чухал үүрэгтэй. Олон улсын стандартын шаардлага хангасан, хоногт 700 м3 бохир цэвэрлэх хүчин чадалтай байгууламжийг аймгаас шийдэж өгчээ. Цэвэрлэх байгууламжид механик, химийн, биологийн гэсэн гурван төрлөөр цэвэрлэгээ хийх бөгөөд дахин ашиглах боломжтой учраас тэрхүү усыг ашиглах байгууламжийг барих төлөвлөгөөтэй байгаа аж.

Үйлдвэрийг ашиглалтад оруулж, хэвийн үйл ажиллагааг хангахын тулд Улаанбаатар хотоос мэргэжлийн 20 гаруй хүнийг урьж ирүүлсэн ба аймгаасаа 100 гаруй хүнийг ажилтай болгож,  ажлын байранд нь дадлагажуулж байна.